Page 6 - My FlipBook
P. 6
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ “Эрдмийн чуулган-2023”
ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор
Т.НАМНАН-гийн мэндчилгээ
Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийг түүчээлсэн
эрдэмтэн профессор багш, судлаачид, зочид төлөөлөгчид, та
бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье!
Хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд
боловсролын зорилго, хүртээмж, чанарын асуудлыг шинээр
тодорхойлон авч үзэх шаардлага дэлхийн улс орнуудын өмнө эн
тэргүүнд тавигдаж байна. Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд
зөвхөн шинэ мэдлэгийг буй болгогч, түгээн дэлгэрүүлэгч байгаад
зогсохгүй улс орныхоо болон дэлхийн эдийн засгийн гол
хөдөлгөгч хүч, инновацын эх булаг болох талаар хөгжлийн эрхэм
зорилгоо тодорхойлох болжээ.
Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “ШУТИС-2030” стратеги
төлөвлөгөөг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Стратеги төлөвлөгөөний хүрээнд ШУТИС-ийн нийт
профессор багш, ажилтны оролцоонд тулгуурлан 2030 онд дэлхийн шилдэг 1000 сургуулийн
эгнээнд багтаж, дэлхийн жишигт нийцсэн их сургууль болон хөгжих, төр бизнесийн өмнө
тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэгч нь байх зорилго, зорилтууд дэвшүүлсэн юм.
Түүнчлэн их сургуулийн эрдэмтэн багш нар сургалтын орчин үеийн агуулга, стандартад
нийцүүлэн их сургуулийн 100 үндсэн сурах бичигтэй болох зорилт тавьж амжилттай хийж
гүйцэтгэлээ.
Энэ хичээлийн жилд сургалтын шинэ арга зүй, агуулгаар цахим сургалтын системээ хөгжүүлж
дэвшилтэт технологиудыг сургалтад идэвхтэй хэрэглэж, их сургуулийн эрдэм шинжилгээний
платформыг шинээр боловсруулан, туршилтаар хэрэглэж эхэллээ. Манай их сургууль орчин үеийн
судалгааны тэргүүлэх лабораториуд, гарааны компаниуд шинээр байгуулах, олон улсын эрдэм
шинжилгээний хурал, олон улстай хамтарсан судалгааны ажлыг амжилттай зохион байгуулах
зэргээр эрдэм судлалын хөгжилд ахиц дэвшил гарсан жил боллоо. Сүүлийн жилүүдэд ШУТИС-ийн
багш, судлаачдын олон улсын томоохон мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдэд судалгааны үр
дүнгээ хэвлүүлэх үйл ажиллагаа эрчимжиж байна. Үүнд: 2020 онд 76 бүтээл, 2021 онд 92 бүтээл,
2022 онд 90 бүтээл хэвлэгдээд байна. Их сургуулийн профессор багш нар Эрдэм шинжилгээ,
судалгааны чиглэлээр олон сайхан ажлыг санаачлан хийж гүйцэтгэснээс онцгойлон дурдахад
ШУТИС-ийн ГУУС-ийн “Geoscientist” цахим сэтгүүл Монгол улсын их сургуулиуд дундаас анх
удаа Scopus олон улсын санд бүртгэлтэй болсныг онцлоход таатай байна. Мөн геологийн шинжлэх
ухааны чиглэлийн судлаачдын бүтээл тэргүүн эгнээнд явж байгаа бөгөөд ялангуяа нэг сэдэвт
бүтээлээ олон улсын Springer хэвлэлийн газарт хэвлүүлж ШУТИС-ийн түүхэнд олон улсад
хэвлүүлсэн томоохон бүтээл болж чадлаа. 2022 онд БШУЯ-наас зохион байгуулсан шинжлэх
ухааны шилдэг бүтээлийн шагналыг шинжлэх ухааны доктор, профессор О.Гэрэл багшийн баг
“Mineral Resources of Mongolia” буюу “Монголын эрдэс баялаг” бүтээлээрээ хүртсэн бахдам амжилт
гаргалаа. 2023 оны эхний хагас жилд “Journal of Applied science and engineering” сэтгүүл цахим
сэтгүүл боллоо. ХШУС санаачлан 2023 оны 6 дугаар сард олон улсын индекстэй олон улсын хурал
зохион байгуулах гэж байгаа нь манай судлаачдын бүтээлийг олон улсад таниулахад хувь нэмрээ
оруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байна.
Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн
бодлого, Төрөөс эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр баримталж буй бодлого зорилтыг
хэрэгжүүлэхэд өнөөдөр зохиогдож буй “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2023” чухал ач холбогдолтой арга
хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2023” үйл ажиллагаа 2 үе шаттай
болж байгаа бөгөөд ШУТИС-ийн бүх бүрэлдэхүүн, харьяа сургуулиуд, хүрээлэнгийн судлаачдын
дунд 1-р шатанд 60 гаруй илтгэл хэлэлцүүлснээс, 2-р шатанд шалгарсан 33 илтгэлийг хэлэлцүүлэхэд
бэлэн болоод байна.
5