эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

ШУТИС-ийн удирдлагууд БНХАУ-ын их, дээд сургуулиудаар айлчлал хийлээ.
Админ 2023.06.13

ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Т.Намнан, эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал, доктор (Ph.D), профессор Д.Цолмонбаатар болон бүрэлдэхүүн сургуулиудын захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор багш нар 2023 оны 05 дугаар сарын 24-2023 оны 06 дугаар сарын 01-ийг хүртэл хугацаанд БНХАУ-ын их, дээд сургуулиудаар айлчлал хийв. Айчлалын хүрээнд  2023 оны 5-р сарын 25, 26-ны өдөр БНХАУ-ын Өвөрмонголын Аж Үйлдвэрийн Их Сургуультай “Building China-Mongolia International Achievement Transformation and Tehcnology Transfer Center”, “China-Mongolia-Russia Cross-border Smart Logistics and Intelligent Equipment Joint Laboratory” гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.

  

Тус ёслолын ажиллагаанд Өвөрмонголын Өөртөө Засах Орны Боловсролын Танхимын Хамтын ажиллагаа хариуцсан газрын дарга Хоу Жинмин, Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шинжлэх Ухаан Технологийн Танхимын Шинжлэх Ухаан хамтын ажиллагаа хариуцсан дарга Ши Гуансү, Өөртөө засах орны Шинжлэх ухаан, технологи шилжүүлэх төвийн дарга Хуо Жунвэн болон Өвөрмонголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Намын дарга Ли Жанфэн, байнгын үүрэг гүйцэтгэгч проректор Буян, гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан проректор Гуо Хунфэй болон газар, албадуудын дарга нар оролцов.

Ёслолын арга хэмжээний дараа хоёр тал харилцан ярилцаж, санал солилцож, цаашид хамтарсан лабораториуд болон технологи шилжүүлэх төвүүдийг түшиглэн гүнзгийрүүлэн хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцав. Үүнд: ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль, Эрчим Хүчний Сургууль, Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Механик, Тээврийн Сургууль болон Өмнөговь аймаг дахь Технологийн Дээд Сургуулиуд сургалт, эрдэм шинжилгээ тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тогтов.  

Мөн 2023 оны 5-р сарын 26-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Үйлс Бүтээлийн Сургуульд айчлал хийж хамтын ажилгагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинэ шатанд ахиулан хөгжүүлэх тухай хоёр сургуулийн удирдлагууд ярилцаж, эл сургуулийн сургалт, судалгааны анги, танхим, лабораториуд болон номын сангуудтай танилцлаа.

  

5-р сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бугат хотын Хөнгөн Үйлдвэрийн Мэргэжлийн Техникийн Коллежид айлчилж тухайн сургуулийн сургалт, судалгааны лабораториуд болон “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэр”, “Архи, пиво, виноны үйлдвэр”, “Нарны панелын үйлдвэр” зэрэг сургуулийн дэргэдэх болон хамтран ажиллагч компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.

  

Мөн тус айчлалын үеэр Бугат хотын Хөнгөн Үйлдвэрийн Мэргэжлийн Техникийн Коллежийн захирал Фэн Инхутэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Тус хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр сургуулийн профессор багш, оюутнуудыг урт болон богино хугацааны солилцоо, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн оюутнуудын танилцах, үйлдвэрийн дадлагууд, хамтран Монгол-Хятадын хамтарсан төсөл хөтөлбөрүүдэд оролцох зэрэг олон талаар хамтран ажиллахаар болов.  

2023 оны 5 дугаар сарын 29-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод Хойд Хятадын Цахилгаан Эрчим Хүчний Их Сургуулийн захирал Янг Ёнпин, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ван Зэнгпинг нартай уулзалт хийв. ШУТИС-ийн захирал Т.Намнан манай хоёр улс найрсаг харилцаатай мөнхийн хөршүүд бөгөөд Монгол улсын Талын зам санаачлага, БНХАУ-ын Бүс Зам санаачлагын хүрээнд хоёр орны төрийн дээд түвшний удирдлагууд харилцан айлчлал хийсээр байгаа энэ үед манай хоёр их сургууль хамтарсан судалгаа шинжилгээний ажлуудыг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн хоёр их сургууль нь 2005 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш даруй 20 орчим жил өнгөрсөн бөгөөд 2008 оноос бакалаврын сургалтад оюутан солилцоо эхлүүлсэн. Манай хоёр сургуулийн хамтарсан 2+2 хөтөлбөрөөр элсэлт авснаас хойш нийт 220 орчим оюутан хоёр сургуулийн хос дипломтой төгсөж, Монгол улсын эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний сургуульд мөн эрчим хүч, уул уурхай болон бусад дэд бүтцийн салбаруудад амжилттай ажиллаж байна.

Бидний энэхүү харилцаа зөвхөн бакалаврын сургалтаар хязгаарлагдаагүй бөгөөд 2011 онд ШУТИС- ЭХСургуулийн залуу багш нарыг докторантурын хөтөлбөртөө БНХАУ-ын засгийн газрын 100% тэтгэлэгтэй хамруулж эхэлсэн бөгөөд нийт 7 багш суралцсанаас одоогийн байдлаар 2 багш докторын зэргээ амжилттай хамгаалаад байна. Манай хоёр сургууль ирээдүйд хоёр орны цахилгаан эрчим хүчний салбарын судалгаа шинжилгээ, төсөлд манлайлан оролцох ёстой. БНХАУ-ын БҮС ЗАМ санаачлага, Монгол улсын ТАЛЫН ЗАМ санаачлага нь үндсэндээ дэд бүтэц эрчим хүчний салбарын хувьд үзэл баримтлал нь нийцдэг. Мөн манай улс АЛСЫН ХАРАА 2050 хөтөлбөртөө цэвэр, шинэ эрчим хүчний экспортлогч орон болох зорилго тавьсан.

Энэхүү зорилтуудын хүрээнд бидний хамтын ажиллагаа ирээдүйд бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн систем үүсгэх, хүлэмжийн хийн ялгарал бага ялгаруулдаг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн судалгааны ажлуудыг хамтран хэрэгжүүлж хоёр орны эрчим хүчний салбарын аж ахуйн нэгжүүдийн харилцааны гүүр болох ёстой. Манай хоёр орон нь стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд хоёр орны ирээдүйн эрчим хүчний харилцаанд тэргүүлэх байр суурь эзлэх судалгааны их сургуулиуд болох ёстойг ШУТИС-ийн захирал Т.Намнан илэрхийлэв.

2023 оны 5 дугаар сарын 31-ны өдөр БНХАУ-ын Хэнаны Политехникийн Их Сургуульд айлчлал хийж, Намын дарга Зоу Юфэн, эрдэм шинжилгээ хариуцсан проректор Жин Шуанген нартай уулзалт хийв. Уулзалтаар хоёр тал профессор багш, оюутан солилцоо, ахисан түвшний сургалт, шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр болон бусад асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр ШУТИС-ийн захирал Т.Намнан болон Хэнаны Политехникийн Их Сургуулийн Намын дарга Зоу Юфэн нар харилцан мэндчилгээ дэвшүүлж, сургуулиудынхаа түүх, профессор багш, оюутнуудын хөгжил, хичээлийн онцлог, олон улсын солилцооны талаар товч танилцуулав. Хэнаны Политехникийн Их Сургуулийн Намын дарга Зоу Юфэн хэлэхдээ хоёр их сургууль нь инженерүүд бэлтгэдэг бөгөөд ижил төсөөтэй бүрэлдэхүүн сургууль, нэгжүүд болон сургалт, судалгааны чиглэлтэй байгаа нь хамтын ажиллагааны үндэс суурь бөгөөд цаашид хоёр улсын урт хугацааны бодлогын бичиг баримтад тусгагдсан тэргүүлэх чиглэлүүд болох уул уурхай, эрчим хүч, хүнс, хөнгөн аж үйлдвэрүүдийн салбарт олон талаар хамтран ажиллах боломжтой. Мөн энэхүү хамтын ажиллагаа нь хоёр сургуулиудын хувьд харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагааг олон талаар сайжруулж, цар хүрээг өргөжүүлж, харилцан ашигтай, бодит үр дүнд хүрч, хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын солилцоо, харилцан суралцах үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.

ШУТИС-ийн захиарл Т.Намнан халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд ШУТИС-ийн сургуулийн орчин нөхцөл, судалгааны чиглэл, хөгжлийн ололт амжилтыг танилцууллаа. Энэхүү хамтын ажиллагаанд гарын үсэг зурснаар бид илүү олон салбарт хамтран ажиллаж, бодит хамтын ажиллагаа өрнүүлж, харилцан бие биенээ дэмжин, тусалж, хамтдаа хөгжиж, ахиц дэвшил гаргаж, найрамдалт харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Айлчлалын үеэр тус сургуулийн “Нүүрсний уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаар лаборатори”, “Цэвэр, үр ашигтай ашиглалтын хамтын инновацийн төв”, “Дэлхий судлалын музей”, Эрчим хүчний сургууль, Хүрээлэн буй орчны сургуулиудын сургалт, судалгааны лабораториудтай танилцлаа.  

Мөн 5-р сарын 30-ны өдөр БНХАУ-ын Жэнжөү хотын Цахилгаан, Эрчим хүчний Коллежид айлчилж тухайн сургуулийн сургалт, судалгааны лабораториуд болон “Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл”-ийн сургалтын бааз, “220кВ-ын ухаалаг дэд станц”-ын сургалтын бааз, “Эрчим хүчний хуваарилалт, дамжуулал, түгээлт”-ийн сургалтын бааз, “Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалт”-ын бааз, “Засвар үйлчилгээний виртуал” баазуудтай танилцав.

Мөн тус айчлалын үеэр ШУТИС-ийн захирал Т.Намнан болон БНХАУ-ын Жэнжөү хотын Цахилгаан, Эрчим хүчний Коллежийн Намын дарга Ян ИБо нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Тус хамтын ажиллагааны хүрээнд хоёр сургуулийн профессор багш, оюутнуудыг урт болон богино хугацааны солилцоо, БНХАУ-ын шилдэг оюутнуудыг ШУТИС-д ахисан түвшинд сургах, цахилгаан, эрчим хүчний чиглэлийн оюутнуудын танилцах, үйлдвэрийн дадлагууд, хамтарсан судалгааны лабораториудыг байгуулах улмаар Монгол-Хятадын хамтарсан төсөл хөтөлбөрүүдэд оролцох зэрэг олон талаар хамтран ажиллахаар болов. 

 

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.