Чойдоржийн ОТГОНЧИМЭГ1, Пүрвээгийн АРИУНБОЛОР2
1Монгол Улс, Улаанбаатар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Эрчим хүчний тэнхим
2Монгол Улс, Улаанбаатар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Геологи уул уурхайн сургуул, Эрдэс боловсруулалт инженерчлэлийн тэнхим
Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: otgonchimeg@erdenetis.edu.mn1
Хураангуй: Энэхүү өгүүлэлд баяжуулах үйлдвэрийн тээрмийн синхрон хөдөлгүүрийн сэргээлтийн автомат тохируулгын системийг микропроцессорын реленд суурилуулан шинэчилсэн судалгааны үр дүнг танилцуулсан. Уламжлалт сэргээлтийн тохируулгын систем нь олон тусдаа хамгаалалтын төхөөрөмжөөс бүрдэж, операторын гараар тохируулга хийх шаардлагатай байдгаас цахилгаан шугамын хүчдэлийн хэлбэлзэл болон ачааллын өөрчлөлтийн үед хөдөлгүүр хэт сэргээлттэй ажиллах нөхцөл үүсдэг байв. Эдгээр салангид хамгаалалтын үүргүүдийг нэг микропроцессорт реленд нэгтгэж, чадлын коэффицентийн хэмжилтэд тулгуурласан автомат тохируулгын шийдлийг боловсруулан туршилтаар баталгаажуулсан. Туршилтын үр дүнгээс үзэхэд уг систем нь хөдөлгүүрийн ачааллын нөхцөлөөс үл хамааран чадлын коэффицентийг тогтвортой түвшинд барьж, сэргээлтийн гүйдлийг 10 секундийн дотор автоматаар тохируулж байгааг нотолсон. Шинэчлэлийн үр дүнд хөдөлгүүрийн дулааны ачаалал буурч, механик дамжуулгын зангилаанд үүсэх нэмэлт хүчдэл болон огцом өөрчлөлт багассанаар тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээний давтамжийг бууруулах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн чадлын коэффицентийг оновчтой түвшинд барьснаар цахилгаан эрчим хүчний хэрэглээний үр ашиг дээшилж, тодорхой хэмжээний хэмнэлт бий болсон. Иймээс релед суурилсан сэргээлтийн автомат тохируулгын энэхүү систем нь үйлдвэрийн синхрон хөтлүүрийн найдвартай ажиллагааг сайжруулах, үр ашигтай шийдэл болохыг судалгааны үр дүн харуулж байна.
Түлхүүр үг: гүйдлийн автомат тохируулга, удирдлагын реле, хуурмаг чадал, микропроцессорын реле, сэргээлтийн V хамаарамж
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.
